“Шударга ёс” эвслийн бүлэг өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ингээд эдгээр хуулийг бүхэлд нь дэмжих шийдэлд хүрсэн байна. Харин Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан хүмүүсийг дараагийн хуралдаа байлцуулан мэдээлэл авахаар болсон аж.
Тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд байгаа ч Ирээдүйн өв сангийн хуулийг батлах нь зүйтэй. Ирээдүйн хөрөнгө оруулалтад зориулсан хуримтлал хийх нь зайшгүй зөв шийдвэр юм” гэв. Мөн тус бүлгийнхэн Засгийн газраас өргөн барьсан Худалдааны болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар мэдээлэл сонсчээ. Худалдааны тухай хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мэдээлэл өгөн, тэдний сонирхсон асуултад хариулсан байна.
Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш худалдааны зохицуулалтгүй байгаа. Энэ хуулийн төсөлд хилийн болон сүлжээний худалдааг тусгажээ. Ганзагын наймааны соёлоо хадгалсаар байгаа худалдааг хуульчилж, нэг цонхны бодлогоор явуулах нь зүйтэй гэж тус бүлгийнхэн үзжээ. Ноолуур, нүүрс гэх мэт Хятадын зах зээлд борлуулдаг бүтээгдэхүүний үнийг хоорондоо өрсөлдөж унагадаг байдал энэ хуулийг баталснаар арилах аж.
Сонгуулийг өмнөхөөс өөр системээр явуулах саналыг тус бүлгийн гишүүн Ч.Улаан гаргажээ. Тэрбээр Монгол Улс нэг том тойрог болж, нам бүр 76 хүнийг нэр дэвшүүлэн, түүнээс нь сонгогчид нэг нэрийг дугуйлж, иргэдээс хамгийн олон санал авсан 76 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох санал гаргасан байна.
Энэ саналыг өмнө нь нэрт хуульч Б.Чимэд анхлан гаргаж байжээ. “Шударга ёс” эвслийнхэн энэ зарчмыг дэмжиж магадгүй гэж Н.Батцэрэг хэллээ.