Төсөвт төлж буй татварынхаа хэмжээгээр “толгой цохидог” “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компани эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Үүнийг бататган “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүүдли нар харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурав.
УИХ-ын дарга З.Энхболд энэ үйл явдалд оролцсон бөгөөд “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь ямар ч асуудалгүй зарагддаг учраас “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” хоёр бол өрсөлдөгч биш, хамтрагчид. Тийм учраас Монголдоо хамтарч ажиллах нь зүйтэй. Жил ирэх тусам “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголоос авах бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл олширч байгаа. Тэр туршлагаа тэд “Оюутолгой”-той хуваалцахад бэлэн.
Харин “Оюутолгой”-д “Эрдэнэт үйлдвэр”-ээс илүү гарах давуу тал ч олон бий. Тийм учраас зөвхөн байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа биш, олон талыг хамарч хамтран ажиллах нь зүйтэй” гэж тэмдэглэсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Далд уурхайн асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа” хэмээн өөрийн биеэр тодотгосон нь анхаарал татаж байлаа. Орчин үеийн техник, технологи ашиглах, аюулгүй ажиллагаа, дүрэм журам сахиулах тал дээр “Оюутолгой” өө багатай.
Харин 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт үйлдвэр”- ийн хувьд инженер, боловсон хүчин, нийгмийн хариуцлага (жилд 60 тэрбум төгрөг зарцуулдаг), үйлдвэрийн дэргэд хот, дэд бүтэц байгуулсан туршлагаа “дүүтэйгээ” хуваалцах боломжтойг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн ярилаа.
Эл санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд боловсон хүчнээ харилцан дадлагажуулах, нэн ялангуяа үйлдвэрлэлийн болон уул уурхайн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтнүүдээ солилцох, “Оюутолгой”-н техник, машин механизмын зарим хэсгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх засварын газарт засах, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, мөн орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр ажил ундрах юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН