Нэг үеэ бодвол монголчууд дотооддоо үйлдвэрлэл эрхэлдэг болсноор ӨМӨЗО-ы Эрээн хот руу явах наймаачдын урсгал саарсан. Гэсэн ч амьдралаа залгуулах гэсэн иргэд хилийн дээс алхан ганзагын наймаа хийсэн хэвээр. Тэр ч утгаараа Эрээнд монгол наймаачид эрх ашиг, эд хөрөнгөөрөө хохирох явдал бишгүй гардаг. Тэгвэл уржигдар тус хотод манай улсын гурван иргэний 10 орчим сая төгрөгийн эд барааг хураасан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.
Учир явдлыг сийрүүлбэл тэд Эрээн, Улаанбаатар хотын хооронд ганзагын наймаа эрхэлдэг, гутлын ченж нар гэнэ. “Адидас” брэндийн “хулхи” гутал худалдаж авлаа гэсэн шалтгаанаар тэдний барааг хураасан аж. Наймаачдын “гахайнд” тэр чигтээ уг брэндийн хуурамч бараа байгаагүй бөгөөд бусад барааг хамтад нь хураасан тул тэд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газартаа хандаад байгаа юм байна.
Өнгөрсөн сарын дундуур ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Үйлдвэр, худалдааны засаг захиргааны товчооны дарга Чэн Жиэтэй уулзаж, хоёр улсын хуулийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцон, хилийн боомт орчмын нутагт хоёр орны хэрэглэгчдийн эрхийг хамгаалж, хуурамч бараа бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, таслан зогсоохоор болсон юм. Ингэснээр монголчууд урд хөршөөс бараа бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах, үйлчлүүлэх, ямар нэгэн ажил гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд Үйлдвэр, худалдааны засаг захиргааны товчоо нь шуурхай шалгаж, хохирлыг нь барагдуулж байхаар тохирсон байдаг.
Бараагаа хураалгасан монгол наймаачид Эрээнд байсан учраас тэдэнд тохиолдсон явдлын талаарх мэдээлэл ШӨХТГ-т өчигдөр ирээгүй байв. Тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Алтанчимэгээс энэ талаар тодруулахад “Хохирсон гэх наймаачид бидэнд өргөдлөө албан ёсоор өгөөгүй байгаа учраас ямар нэгэн байдлаар асуудлыг нь шийдэх боломжгүй. Хэрвээ тэд бидэнд хандвал Эрээн хотын Хэрэглэгчийн товчооныхонтой холбогдож, учир байдлыг тодруулж болно. Манай иргэд Хятад руу хуурамч бараа аваачин, Эрээнд арилжих гээгүй. Х
арин цаад талын худалдагч нар нь манай наймаачдад хуурамч бараа нийлүүлсэн учраас хариуцлагаа хятадууд өөрсдөө хүлээх учиртай. Монголчууд бараагаа хураалгаж, эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй л дээ. Тиймээс бидэнд өргөдлөө өгч, хохирлоо бүрэн барагдуулах боломжтой. Эрээн хотын Хэрэглэгчийн товчоо холбогдох хуулийн дагуу энэ бүхнийг шалгаж, худалдагч нараасаа тэр мөнгийг нь гаргуулж, наймаачдад өгөх учиртай” гэсэн юм.
О.БАТ-УНДРАХ