Нэгэн эмэгтэйг дарамтлан бусдад худалдаж, бэлгийн мөлжлөгт оруулж байсан дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэлээ.
Э.Мөнхтулга, С.Аюулгүй, Ж.Ганхуяг нар бүлэглэж, 2014 оны долдугаар сараас эхлэн М гэх эмэгтэйг биеэ хамгаалах чадваргүй, амьдралын боломж таарууг нь далимдуулан Сүхбаатар дүүргийн нутагт Циркийн баруун талын байрны зоорийн давхар, Баянгол дүүргийн нутаг дахь “Хаус 25” зочид буудал, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр байрны арын дэнжид орших нийтийн байранд хүчээр байлгаж, биеийг нь үнэлүүлж байсан аж.
Түүгээр зогсохгүй Ж.Ганхуяг, У.Нямгэрэл нар М-ийг хэд хэдэн удаа хүчирхийлжээ. Уг хэрэгт Дүүргийн II прокурорын газраас Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасан “Ашиг олох буюу мөлжих зорилгоор бусдын биеийг үнэлүүлсэн”, 126 дугаар зүйлийн “Эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн гэнэ.
Анхан шатны шүүхээс Ж.Ганхуягт хүн наймаалсан хэрэгт нь 15, бусдыг хүчирхийлсэн үйлдэлд нь зургаан жил хорих ял оноож, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 15 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч У.Нямгэрэлийг бусдыг хүчирхийлсэн буруутайд тооцож зургаан жил хорих ял ногдуулсан байна.
Харин шүүгдэгч С.Аюулгүй, Э.Мөнхтулга нарт хүн наймаалсан хэрэгт нь 10 жил хорих ял оноожээ.
Г.РАВЖАА