УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарын хамт өчигдөр Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд намрын чуулганаар баталсан хууль тогтоомжуудыг танилцуулж, тэдгээрийн ач холбогдлыг таниулахаас гадна хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй олны анхаарал татаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Иргэд сонгогчид өөрсдийн сонирхсон сэдвээрээ буюу ойрын үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, улс төрийн намын төлөвшил, цаашдын хандлага, Сонгуулийн тухай хууль, Тавантолгойн гэрээ, уул уурхай, эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, хамтын тэтгэвэр, ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудал зэрэг улс орны хэмжээний асуудлаас гадна аймаг сум, орон нутгийн өдөр тутмын амьдралд тулгамдаад буй бэрхшээлүүдийн талаар асуулт тавьж тодорхой хариултуудыг авлаа. Мөн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат уулзалтад оролцож аймгийн хэмжээнд болон Зуунмод хотын хэмжээнд авч хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулав.