УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчидтай уулзаж, Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөхөөс гадна санал солилцож, мэргэжил сонголт, чанартай боловсрол эзэмших талаар зөвлөгөө өглөө. Уулзалтад Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын бүх төгсөх ангийн сурагчид оролцсон юм. Үүний дараа УИХ-ын гишүүн А.Бакей Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбатын хамт Өлгий хотноо болж буй жүдо бөхийн Баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ болон шигшээ барилдааны нээлтэд оролцлоо. Тэмцээнийг нээж тэрбээр “Цаашдаа жүдо бөхийн спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлж, тэмцээнд оролцохоор баруун аймгуудаас хүрэлцэн ирсэн 250 гаруй жүдочиддоо амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр аймгийн ахмадуудтай уулзаж санаа бодлыг нь сонсож, тэмдэглэл хөтөлж байв. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармений санаачилгаар аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газар Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй жүдо бөхийн Баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд бүх жингийн аваргууд тодорно.