МЗХ 12 жилийн дараа буюу өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд V их хурлаа зохион байгуулж, 37 тогтоол баталсан. Үүний нэг нь Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах тухай тогтоол юм. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах сонгууль дуусахад дөрвөн хоног үлджээ. Монголынхоо хөгжлийг хөтлөх зуун зуун залуус өөрсдийн нэрийг дэвшүүлж сонгуульдаа идэвхтэй оролцсоор байна. Тэдгээрийн нэг бол МУ-ын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү. Тэрбээр МЗХ-ны дэд ерөнхийлөгчид өөрийн нэрийг дэвшүүлжээ. Үндэсний залуучуудын зөвлөл залуучуудын эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай монгол залуусын хамгийн том нэгдэл байх юм. Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар олон олон асуудлыг хэлэлцэхийн нэг нь улс төрчдийн хар жагсаалт. Улсын өнцөг булан бүрээс, салбар болгоныг төлөөлж цугласан залуус хар жагсаалтыг боловсруулан баталж, олон нийтэд танилцуулна. Энэ нийгмийн болж, бүтэхгүй болгоны уг үндэс нь улс төр, улстөрчид юм бол шинэчлэлийн их ажил ч тэр зүгээс эхлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль залуу хүн бүрт нээлттэй тул та өөрийн нэрийг дэвшүүлээрэй.