Явган хүний зам хааж зөвшөөрөлгүй барилга, хаалт, хашлага барьж, тэдний аюулгүй байдал, тав тухтай зорчиход нь саад учруулж байгаа тухай цөөнгүй гомдол ирдэг учраас нийслэлийн Засаг дарга А/241 тоот захирамж гаргажээ. “Нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” уг захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэр газрыг энэ сард багтаан чөлөөлөхөөр боллоо. Чөлөөлсөн газрыг тохижуулах үүргийг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны болон Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон байна. Хаана, ямар нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан байна, түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай хүнээс гаргуулах, тийм байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахгүй байх, хангасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг мөн даалгажээ.
Захирамжаар үүрэг болгосон ажлын үр дүнг зургадугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах юм байна.