Өнөө жил өнтэй өвөл болсон учраас Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурын мөс нимгэн байгааг албаны хүмүүс сэрэмжлүүлсээр байсан. Гэтэл он гарсаар Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт долоон хүн золгүй байдлаар гол усанд осолджээ. Амиа алдсан тэднээс нэг нь хүүхэд, бусад нь насанд хүрсэн хүмүүс байсан гэнэ. Ослын шалтгаан нь гол мөрний мөс цөмөрснөөс үүдэлтэй аж. Тиймээс Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги голын сав газраар нутаглаж буй ард иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр гарцгүй газраар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.