Өмнөд Судан улсад энхийг сахиулж буй монгол цэргүүд галын аюулд өртсөн тус улсын иргэдийн амийг аварчээ. Тус улсын Ийда муж дахь дүрвэгсдийн хуаранд гуравдугаар сарын 20-нд гал гарч, 50 гаруй айлын өвсөн гэр овоохой шатсан байна. Мөн энэ үеэр 10 гаруй дүрвэгч түлэгджээ. Тус сууринд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан дэслэгч Н.Амарбаясгалан захирагчтай мотобуудлагын гуравдугаар ротын нэгдүгээр салааны дайчид галын голомтод цаг алдалгүй очиж, салааны захирагчийн шийдвэрээр хамгаалалтын бүрэлдэхүүнийг хоёр бүлэгт хуваарилан, нутгийн ард иргэдтэй хамтран гал унтраах, хүүхэд, эмэгтэйчүүдийг галын голомтоос гаргах, эд хөрөнгийг нь аюулгүй зайд татах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.Гал түймрийн үед дүрвэгсдийн хуаранд их хэмжээний сум тэсэрч байснаас гадна хүчтэй салхины улмаас гал эрчтэй тархаж, 70 гаруй мянган хүнтэй хуаран бүхэлдээ шатах аюултай байсан гэнэ. Харин салааны захирагчийн зөв шийдвэр, шуурхай арга хэмжээний дүнд олон хүний амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалж чадсан байна.Олон хүний алтан амийг галын аюулаас аварсан Монголын энхийг сахиулагчдад Ийда дахь дүрвэгсдийн хуарангийн удирдлага, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлага талархлаа илэрхийлсэн байна.