Нийслэлийн Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт “Жигүүр гранд” ХХК-ийн барьж байсан барилга дээр энэ сарын 18-нд 11.20 цагийн орчимд осол гарч, нэг хүн нас барж, нөгөө нь хүнд бэртэн ГССҮТ-д хүргүүлжээ. Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодруулахад “Ачаа өргөгч дээр ажиллаж байсан хоёр хүн 18 давхраас доошилж байгаад зургадугаар давхар орчмоос унасан юм шиг байна лээ. Ачаа өргөгчийн ган татлага нь аваарын ганц түгжээтэй.
Тэр нь мултарсны улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нөгөөгийнх нь биеийн байдал хүнд байна. Барилга барьж байгаа хүмүүс цахилгаан шатны нүхээ битүүлж таглан, хүн унаж бэртэхээс сэргийлэх журамтай. Гэтэл энэ осол гарсан барилгын удирдлагууд цахилгаан шат байрлуулах ёстой тэр газарт ачаа өргөгчийг угсарсан байгаа юм.
Технологийн алдаанаас болж осол гарсан мэт харагдаж байгаа ч энэ нь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Яагаад гэхээр тухайн техникийг угсрах шийдвэр гаргасан хүн гэж бий. Тэр шийдвэрийг удирдлага гаргадаг. Гэхдээ энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл хэлэх боломжгүй.
Одоогоор ослын урьдчилсан дүгнэлт гаргаж байна” гэв.
Ч.ТУЯА