Хаалга тогшлоо.
-Засгийн газраас явж байна аа. Тавантолгойн хувьцаа эзэмшигчийн тань хувиар гарын үсэг авах гэсэн юм...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй Монголын хоёр сая иргэний зөвшөөрлийг олж ирэхгүй бол Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг чинь З.Энхболд даргад өргөн бариулахгүй” хэмээн УИХ-ын Тамгын газраас ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод албан тоотоор дуулгажээ. Засгийн газар, УИХ-ын харилцаа бичиг сачиг шидсэн шиг гунигтай болчихож. З.Энхболд угаасаа ийм араншинтай улстөрч гэдгээрээ танигдсан хүн. Баримттай л ярина. Сайнаар хэлбэл ямар нямбай, тооцоотой, муугаар бол зуумхай, өөнтөгч гэдгийг түүнтэй олон жил улс төр хийлцэж яваа Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр л мэдэхгүй мунгинаж гэнэ дээ. Туулсан амьдралынхаа алхам бүрийг нотариатаар баталгаажуулсаар залхаж цөхөрсөн хадам эцэг бэр болох бүсгүйгээс ганц бие гэдгээ баталгаажуулж ирэхийг заналтайяа шаарддаг тэр нэг хошин үзүүлбэр санагдав. Засгийн газар айл болгоны хаалга үүдийг онголзуулан, хүснэгт татсан цаасан дээр хүн бүрээс мутрын үсгийг нь шавдуулж хайран цаг үрэхгүй гэж найдъя.
Гэсэн ч Тавантолгойн төсөл Засгийн газар, УИХ хоёрын дунд ойж буудаг бөмбөг адил шидэгдсээр байх зуур Монгол Улс гэдэг их айлын нэр хүнд хаахна очиж шалчийсныг тааварлахад бэрх. УИХ Тавантолгойн гэрээг тодорхой хугацааны дараа ихэд дээрдүүлэн баталлаа гэхэд тэр үед ордын үнэ цэн санхүүгийн зах зээл дээр бидний төсөөлөөгүй доош унасан байх муу ёрын зургийг энэ өдрүүдэд өрнөж буй улс төр ёстой л баруун, солгойгүй сараачсаар. Ийм байдал үүсэж буй ганцхан шалтгаан нь улс төр, түүнд хутгалдсан бизнесийн ашиг сонирхол гэдэг нь өдрөөс өдөрт тов тодорхой болж байна. Хэнд ямар ашиг унах гээд, хэн нь хоосон хоцорчих гээд уралцаад байгаа хэрэг вэ.
Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд УИХ-ын гишүүдийн гарт очих хүртлээ эх адаггүй урт зам туулж буйн цаад учир Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэй, М.Энхсайхан, А.Гансүх хоёрын хэн нь эх оронч вэ гэдгээс илүүтэй MCS, “Женко” хоёрын аль нь дийлэх вэ хэмээх ужид тулаанаас үүдэлтэй болох нь ойлгомжтой болж байна.
Тавантолгойг яаж амжилттай урагшлуулах вэ гэсэн асуулт монголчуудад анхны тохиолдол биш. Монгол Улсын хувьд цоо шинэ асан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаас хойших өнгөрсөн зургаан жилийн хугацаанд том гэрээ яавал явдаг, ямар үед зогсдогийг бид хангалттай харсан.
Улс төрийн тогтвортой хөрсөн дээр л Тавантолгой хөдөлнө, тэгж байж гэмээнэ ард түмэн хувь хишгийг нь хүртдэг. Тиймдээ ч шинэ Засгийн газар байгуулагдах болгондоо Тавантолгойг ажил болгох зорилгоор улс төрийн нам хүчнүүдийн төлөөллийг, түүн доторх бизнес дагасан фракцуудын оролцоог тугалыг нь тураалгүй оролцуулсаар ирсэн байдаг. “Тавантолгой” төслийн гацаа юунаас эхтэй болох нь яг л матер, ухамсрын маргаан шиг хөл толгойгоо алдаж эхлэв. Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд баримт бичиг хэлбэрээр УИХ-ын гишүүдийн гарт очих хүртлээ эх адаггүй урт зам туулж буйн цаад учир Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэй, М.Энхсайхан, А.Гансүх хоёрын хэн нь эх оронч вэ гэдгээс илүүтэй MCS, “Женко” хоёрын аль нь дийлэх вэ хэмээх ужид тулаанаас үүдэлтэй болох нь ойлгомжтой болж байна.
MCS буюу “Энержи ресурс”, “Женко” буюу УИХ-ын гишүүн Х.Баттулга нарыг сүүлийн долоон жилийн турш дайсагнуулж буй төмөр замын бодлого, царигийн зөрүү одоо нэгэнт Тавантолгойгоос хальж, Монголын улс төрийг Засгийн газартай, Парламенттай нь тогтворгүй болгож орхижээ. Тавантолгойгоос болж Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорч ч мэдэхдээ тулаад буй. Уг нь Монгол Улс Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болоод гурван хаврыг үдэж байгаа юм. Энэ бодлогоо барихад л MCS-ийн нарийн, “Женко”-гийн өргөн цариг гэж хэрэлдэж маргаад байхааргүй төмөр замтай болох байтал тэгсэнгүй. Өнгөрсөн хугацаанд уг бодлогыг эрчимжүүлэх оролдлогууд “дэмий суухаар” гэсэн шиг гарч л байж. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагыг хэдэнтээ өөрчилсөн, “Шинэ төмөр зам” мега төсөлд хөрөнгө төвлөрүүлж эхлүүлсэн гэхчлэн багагүй хөдөлгөөн гарсан гэх үү дээ.
Хувийн компаниудын ашиг сонирхлоор нарийн цариг нь хэрэгтэй хэмээн нотлохын тулд гадаадын шинжээчдээр өндөр үнэлгээтэй дүгнэлт гаргуулсан нь ч байна. Өргөний талынхан ч мөн адил, нарийныхнаас дутсан зүйлгүй баахан л лообийдож. Гэвч одоогоос бараг долоон жилийн өмнөөс хоёр талцан ширүүн маргалдсан өргөн, нарийн царигийн хэрүүлд цэг тавигдалгүй өдий хүрснээс үзэхэд Монголд өөрийн гэсэн ухаан, өөрийн Төр байгаа гэж итгэх аргагүй. Төмөр замын маргаан хэн, хэний дунд голлон өрнөсөн билээ, яг л тэр бүрэлдэхүүнээрээ Тавантолгойн дуэль өрнөж байна. М.Энхсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлын албанд очсон гэлцдэг. Гэвч нэг их удалгүй М.Энхсайхан тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүхтэй мөнөөх царигаас болж зөрчилдөн ажлаасаа халагдсан.
Одоо А.Гансүх УИХ-ын даргын зөвлөхийн хувиар Тавантолгойн хэлэлцээний Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхантай үргэлжлүүлэн зөрчилдсөөр. Тавантолгойн гэрээний төсөл дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон М.Энхсайхантай нэг баг бол “Женко” Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд, түүний зөвлөх А.Гансүх нар тэднийг эсэргүүцэгчдийн гол төлөөлөл болж байна. МАН-ын хувьд MCS-ийн бүхэл бүтэн бүлэг гэж хэлж болох төлөөлөл УИХ-д бий. Тиймээс УИХ дахь МАНын бүлгийн 26 гишүүний олонх Засгийн газрын талд шийдвэр гаргах магадлалтай. “Тавантолгой” төслийн төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгө буюу 280 сая ам. долларын асуудал сүүлийн үед бүр ч тод яригдах боллоо. Энэ мөнгийг хэрхэн зарцуулсныг аудитын шалгалтаар тогтоох шаардлага ч хамт сонсогдож байна.
Хэрвээ аудит оруулах бол энэ хөрөнгийг төмөр замын төсөлд зарцуулах үед Зам тээврийн сайдаар ажилласан А.Гансүхийг шалгана гэсэн үг. Зарим хүмүүсийн хардаж байгаагаар бол, Тавантолгойн төслийг буцаах шалтгаан нь бичиг баримтын дутуу гэх боловч хэрэг дээрээ Х.Баттулга, А.Гансүх нарыг аудитаас бултуулах зорилгоор УИХ-ын дарга гэрээг уяж байж магад гэх таамаг ч явж байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр УИХ-д бичиг өгөхдөө дахиад бас юугаа мартах бол. Төрийн ажилд бүх зүйл өө сэвгүй байх ёстойн дээр очиж очиж “хэрүүлийн алим” болчихоод байгаа Тавантолгойн бичиг баримтыг эцэст нь тултал гүйцээгээд барьчихаж чадахгүй байна гэхээр... Төмөр зам болон Тавантолгой дахь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн тулаан хэрхэн өрнөхийг ажиглах л үлдлээ.
Б.ЭНХЦЭЦЭГ