“Шангрила -2” төслийн барилга дээр Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй барилгын 50 гаруй компанийн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар үзүүлэх сургалт зохион байгууллаа. Тус төсөл 2014 оны Эрүүл аюулгүй ажлын байр эрхэмлэгчээр тодорсон учраас эл барилгыг сонгожээ.
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Нямноров ярихдаа, “ Манай дүүргээс хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн сарын аян зарлаад байна. Түүнчлэн манай дүүрэгт Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн салбар зөвлөл ажилладаг. Энэ хүрээнд өнөөдөр дүүрэг дэх барилгын компаниудын дунд ХАБ-ын онолын болон үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал НМХГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хуудсын талаар мэдээлэл өгсөн бол МҮЭХ-ноос хамтын гэрээний тухай сургалт явууллаа. Мөн үеэр НОБГ-аас галын аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч гал унтраах үзүүлбэрийг үзүүллээ. Манай дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хамгийн их зөрчигддөг салбар нь барилгынх учраас эл сургалтыг зохион байгуулсан юм”гэлээ.