Зүүн аймгуудад гарсан түймрийн улмаас зарим малчин орох орон, хариулах малгүй болсон. Тэдэнд нийслэлчүүд тусламжийн гараа сунгаж эхэллээ. Өчигдөр “Баярс констракшн” ХХК-ийнхан таван ханатай иж бүрэн гэр тавыг, МАХН-ын дэргэдэх Ардчилсан шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос галд тэсвэртэй хөнжил, хучлага, түлэгдсэн үед түрхэх тосон түрхлэг, цацлага, наалт боолт зэрэг 10 гаруй сая төгрөгийн бараа материал хандивласан бол “Жэй Эй Эйч” ХХК 1500 хос бээлий, ГХЯ-ны дэргэдэх “Эмэгтэйчүүд дипломат” клубийн төлөөлөл мөнгөн тусламжаа ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга Х.Батбилэгт хүлээлгэн өглөө.
Тэрбээр “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Та бүхэнд баярлалаа. Эдгээр барааг хүрэх ёстой газарт нь хүргэж өгөх болно. Зүүн аймгуудад үндэсний үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд 53.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн явуулахаар болсноо манайд мэдэгдсэн. Өнөөдөр 28.5 сая төгрөгийн тусламжийн бараа хүлээж авлаа” гэв. “Баярс констракшн” ХХК-ийн гэр ачсан машин Сүхбаатар аймгийн зүг хөдөлсөн юм.
Энэ үеэр түймрийн байдал ямар байгааг тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Нямбаяраас тодруулахад “Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд тархсан түймрийг цурамд оруулан, түймрийн голомтод буй гал гарч болзошгүй өвөлжөө бууцыг цэвэрлэж байна.
ОХУ-аас энэ сарын 15-нд Хэнтий аймгийн Норовлин, Дадал суманд орж ирсэн түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, иргэд хамтран унтрааж байгаа. Мөн ОХУ-аас Дорнод аймгийн БаянУул, Ульханы застав орчмоор Дашбалбар суманд орж ирсэн түймрийг унтраахаар Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, сум, орон нутгийн иргэд ажилласаар байна.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр (өчигдөр) 13.00 цагийн байдлаар Дорнод аймгийн гурав, Хэнтий аймгийн нэг суманд түймэр асаж байна” гэв.
Ч.БОЛОРТУЯА