Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан түймэрт орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн есөн автомашиныг улсын нөөцөөс олгох шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа.
Түймэрт өртсөн малчдад Сүхбаатарын Түмэнцогт, Ховдын Булган, Төв аймгийн Бүрэн, Булганы төв дэх улсын нөөцийн цэг, салбаруудад байгаа 730 тн өвсийг үнэгүй олгож, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. Улсын нөөцөөс олгосон гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэх болон гэр тээвэрлэн хүргэх шатахууны зардалд нийт 470 сая төгрөг шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн, байлдааны зургаан машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд даалгалаа.
Мөн ой, хээрийн түймэртэй тэмцэх болон мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хохирлыг арилгах, хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг эмчлэх болон бусад зардалд зориулан 842 сая төгрөгийг шийдвэрлэлээ.