Дархан-Уул аймгийн 478 өрхөд хүнсний эрхийн бичиг олгох ажил эхлэв. Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд орлого багатай айл өрхөд хүнсний талон олгодог.
Тус аймагт өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгаа явагдсан. Уг судалгаанд хамрагдсан нийт өрхийн амьжиргааны төвшинг 1-20 хүртэлх шатлалаар ангилснаас нэгдүгээр төвшинд орсон 248 өрхөд энэ оны нэгдүгээр сараас эхлэж хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ буюу хүнсний толан олгож эхлээд байна.
Харин энэ онд Үндэсний Статистикийн хорооноос батласан ядуурлын шугам 204,317 болсонтой холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт 232 өрх нэгдүгээр төвшинд багтаж нийт 478 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдахаар болсон. “Хүнсний эрхийн бичгийг Дархан сумын хүнсний зургаан дэлгүүр, Шарын гол, Орхон, Хонгор сумдын тус бүр нэг дэлгүүрээр дамжуулж олгоно. Өнгөрсөн онд том хүн сард 10 мянган төгрөг, хүүхдэд 5 мянган төгрөгийн хүнсний толан олгож байсан. Энэ онд том хүн сар бүр 13 мянга, хүүхэд 6500 төгрөгийн хүнсний толанаар гурил, будаа, мах, сүү өндөг зэрэг 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутгийн хүнсний дэлгүүрээс худалдаж авах эрх эдлэнэ” хэмээн аймгийн НХҮХ-ийн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судлагаа хариуцсан мэргэжилтэн С.Оюунгэрэл ярилаа.