“Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая” аян Мандалговь хотод өрнөж байна. Ирэх долдугаар сард Мандалговь хотын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор орчноо цэвэрлэж, тохижуулах ажлыг энэ хугацаанд хийнэ.
Хамгийн гол нь удаан хугацаанд хуримтлагдсан эзэнгүй хог хаягдлыг зайлуулах юм байна. Анхаарал татсан ийм хог хаягдал бүхий арав хол илүү цэг аймгийн төвийн нутаг дэвсгэрт байгааг иргэдийн хүчээр ийнхүү цэвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар Равжих багийн нутгаас 30 гаруй тонн хог хаягдал ачиж зайлуулсан. Айраг, Мандал багт цэвэрлэгээ үргэлжилж байна гэж Мандалговь хотын тохижилтын албаны дарга Д.Мөнхцоож хэллээ.
Жил жилийн хавар бямба гариг бүрийг нийтийн цэвэрлэгээний өдөр болгодог ч үүнд албан байгууллагын ажилтан алба хаагчид, сургуулийн сурагчид л дайчлагдана уу гэхээс иргэд идэвхигүй ханддаг . Хог цэвэрлэхэд оролцдоггүй хэрнээ цэвэрлээд орхисон газрыг эргэж бохирдуулаад нийтийн ажлыг үр дүнгүй болгодог муу үзэгдэл оршсоор байдаг. Иймээс энэ удаагийн их цэвэрлэгээнд баг багийн иргэдийг түлхүү оролцуулж байна. Харин төрийн албан хаагч, сургуулийн сурагчдыг хог цэвэрлүүлэхгүй, мод тарих ажилд дайчилна гэлээ.
“Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая” аян гурван сар үргэлжилнэ.