Ирэх наймдугаар сард Бразилын Сан Паулу хотноо зохиогдох Дэлхийн ур чадварын тэмцээнд монголчууд анх удаа оролцох гэж буй. Ур чадварын олимп гэгддэг энэхүү тэмцээнд өрөг угсралт, хавтанцар наах, мужаан, үсчин, гоо сайхан, токарь, гагнуур, цахилгаан, тогооч гэсэн есөн төрлөөр оролцохоор шалгарсан залууст Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өчигдөр батламжийг нь гардууллаа. Мөн тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, ур чадвараа харуулсан удаах байрын есөн оролцогчийг тус бүр 1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл авах эрхийн бичгээр шагнасан юм. Түүнчлэн тэмцээнд шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нараас шилдгүүдийг шалгаруулж, хоёрт нь Бразил явах батламж олгов. Гоо сайханч мэргэжлээр Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн багш О.Ичинноров шалгарсан бол цахилгааны төрөлд Дархан-Уулын политехникийн коллежийн Д.Бадамсүрэн Дэлхийн ур чадварын тэмцээнд орох эрх өвөртөлжээ.
“Монгол ур чадвар” I, II тэмцээний шилдгүүдийн дунд дахин хоёр үе шаттайгаар шалгаруулалт хийсний эцэст шигшигдсэн учраас тэд амжилт гаргах боломжтой хэмээн шүүгчид онцолсон. Техник технологийн дээд сургуулийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ гэхэд л бусад орны тогооч нартай өрсөлдөнө. Эрэгтэй хүүхэд хэрнээ багаасаа л тогооч болохыг хүсдэг байсан тэрбээр сургуульд ороогүй байхдаа анх бууз хийж, ээж, дүү нараа дайлсан гэдэг. Харин одоо ази, европ гээд бүх төрлийн хоолыг хоромхон зуур хийж чадах ч монгол үндэсний зоогоо “урлах” хамгийн дуртай гэсэн. Харин Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн оюутан П.Галбадрах аавынхаа мэргэжлийг өвлөн цахилгаанчин болж, өдгөө дэлхийд ур чадвараараа өрсөлдөх гэж буй. “Хэчнээн яарч сандарсан байлаа ч утсаа цэвэрхэн, найдвартай холбохгүй бол өндөр хүчдэл аюултай. Анх мэргэжлээрээ дадлага хийж байхдаа санамсаргүйгээр тогонд их цохиулдаг байсан. Тэгээд аав, багшдаа их загнуулна. Өдөржин нухаж байж холбосон утсаа бүгдийг нь салгуулаад, дахиад эхнээс нь хийх болдог байлаа” хэмээсэн П.Галбадрах мэргэжлээрээ цааш үргэлжлүүлэн ШУТИС-д суралцах хүсэлтэй гэнэ.
БНСУ-ын KOICA, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Монголын багийг тус тэмцээнд оролцох болон бэлтгэл сургуулилалт хийхэд хөрөнгө санхүү, сургалтын бааз сууриар дэмжиж байгаа аж.