Дарга л байвал хормой дэвсэн угтдаг ноомой уламжлалыг шууданчид уландаа гишгэв. Энэ нь засаг солигдох бүрт дарга нар сүргээрээ шинэчлэгддэг жишигтэй төрийн албанд содон үзэгдэл, шууданчдын хувьд “хувьсгал” боллоо. Хадаг, сүүн дээр бууж сурсан мань дарга шинэ албан тушаалаа авах санаатай Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий онцгой объект руу нэвтрэх гээд үүднээс нь хөөгдөн цочирдов.
Т.Дуламдоржийн буруу ч юу байх вэ, ийм явдлыг үүсгэсэн Монголын улс төр ичиг, ичиг. Төрийн өмчит “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг халах тус компанийн ТУЗ-ийн болон ТӨХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзсэн шуудангийн ажилчид арав хоног эсэргүүцлийн суулт зарлаж, хоёр өглөө төв талбайд жагсав. Тэдний барьсан лоозонд улстөржсөн, хийрхсэн үг байгаагүй юм. Харин амьдралд хайртай, ажилдаа дуртай шударга хүмүүсийн хүсэл мөрөөдөл бичээстэй байсан.
Шуудангийн салбарын 1000 гаруй ажилчныг төлөөлөн 100 орчим хүн энэ тэмцэлд оролцохдоо үүрэгт ажлаа цалгардуулсан нь үгүй. Өглөө 07.30-д жагсаал эхэлж, ажлын цаг болохоос 10 минутын өмнө дуусгах ёстой. Тэднийг хэн ч албадаагүй, шууданчид шуудангийнхаа төлөө чин сэтгэлээр нэгдсэн учраас үнэн ялсан. Шууданчид Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өнгөрсөн долоо хоногт хандсан бөгөөд уржигдар шууданчдын гомдлоор хэрэг үүсгэн нягталж эхэлжээ. Шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа.
Шууданчид юугаар бахархаж байна вэ? Өдөр тутмын сонинуудыг түгээх 84 цэгийг байгуулж, өглөө бүр 05.00 цагаас эхлэн 09.00 цаг гэхэд уншигчдын гарт халуухнаар нь хүргэдэг болсон нь өнгөрсөн хоёр жилд шинээр хийсэн ажлуудын нэг. Татварын тайлан, торгуулийн хуудас, гадаад паспорт зэргийг түргэн шуурхай хүргэдэг болсноороо тэд бахархдаг. Шууданчид бас онгирдог. “Улс орон даяар хямрал нүүрлэчихээд байхад манайх сүүлийн хоёр жилд ажилчдынхаа цалинг шат дараатайгаар гурван удаа нэмсэн.
Шуудангийн үйлчлэгч гэхэд л 650 мянгыг авдаг юм” гэж байна. Ц.Батсайхан захирал өмнө нь огт байгаагүй олон үйлчилгээг нэвтрүүлснээр “Монгол шуудан” компанийн ашиг жилд 800 сая төгрөгт хүрч нэмэгдсэн бөгөөд улсад 2.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг болжээ. Төр хамгийн муу менежер гэдэг. Тиймээс төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байна гэдэг. Тэгвэл дандаа ийм байдаггүй, даргын томилгоо нүдээ олбол ажилчдынх нь ажил, амьдрал өөдрөг явдгийг шууданчдын “хувьсгал” харууллаа. Шууданчид бас албан тушаалын бялуу хуваадаг эрх мэдэлтнүүдэд, түүнийг нь горьдож амьдардаг зусарчдад үзүүлээд өглөө.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг сайн менежерээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын үгээр алдах байв. Шууданчдын “хувьсгал” нэгэн цагт энэ салбарт ажиллаж байсан Ерөнхий сайдад таалагдсан уу, тэрбээр саяхан Ц.Батсайхантай танилцахаар өрөөндөө дууджээ. Тэгээд төрийн өмчит уул уурхайн компанийн удирдах албан тушаалд очих санал тавьсан юм билээ. Харин шууданчдын дарга “Шүүхийн шийдвэр манай ажилчдын талд гарвал би шуудандаа л үлдье дээ” гэжээ.
Б.ЭНХЦЭЦЭГ