Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дахь Даян нуурт цутгадаг голын монгол хадран загас бөөнөөр хорогдсон тухай “Өнөөдөр” сонин уншигчдадаа мэдээлсэн. Загас яагаад ингэж олноороо нэг дор үхэв гэдгийг тус аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрынхан тогтоожээ. Даян нуур болон түүнд цутгадаг голын ус, эргэн тойрны хөрс, ургамлыг шинжлэхэд ямар нэгэн хортой зүйл олдоогүй гэнэ. Тиймээс голын нэг хэсэг нь өвөл ёроолдоо хүртэл хөлдсөн, тэр үед тэнд байсан загас хүчилтөрөгчийн хомсдолд орж, хөлдөж үхжээ гэж дээрх байгууллагынхан дүгнэжээ.