Н.Болормаа, Ж.Нарангэрэл гэдэг хоёр эмэгтэйд их хэмжээний мөнгөө залилуулсан хүмүүсийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Мөнгөө залилуулсан хүмүүс хуулийн байгууллагад хандсан ч хэргийг нь шийдвэрлэлгүй 3-5 жил болж байгаа аж.
Тэр ч бүү хэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа өнөөх хоёр эмэгтэй өөр бусад хүнийг ч хохироосоор байгаа гэж хуралд оролцогчид хэлсэн юм. Эдгээр хохирогчийн нэг нь ӨМӨЗО-ы Шилийн гол аймгаас ирсэн С.Манлай. Тэрбээр 2014 оны гуравдугаар сард СУИС-д сурахаар манай улсад ирсэн юм байна. Тэгэхдээ өөрийгөө МУИС-ийн багш гэж танилцуулсан Н.Болормаад СУИС-д оруулж өгөхийг хүсэн сургалтын төлбөр гэж 3080 ам.доллар, визийн хураамжинд 1.380.000 төгрөг өгсөн гэнэ.
Гэвч өдий болтол сургуульд оруулж өгөх нь бүү хэл авсан мөнгөө ч барагдуулаагүй байгаа аж. Тэрбээр “Н.Болормаа гэх хүн Монголд урлагийн мэргэжил эзэмшье гэсэн миний мөрөөдлийг үгүй хийхийн зэрэгцээ эдийн засгийн хохирол учруулсан. Аав ээждээ энэ тухай хэлээгүй. Миний гар утсанд Н.Болормаатай ярьсан бичлэг бий. Бас өөрийгөө СУИС-ийн Сургалтын албаны дарга гэж танилцуулж намайг залилсан Ж.Нарангэрэл ч энд хамаатай” гэсэн юм.
Мөн 54 орчим сая төгрөгөө Н.Болормаад залилуулсан М.Цогзолмаа “2013 оны зургадугаар сард Н.Болормаагийн дансанд 63 сая төгрөг шилжүүлсэн. Зээлж авсан энэ мөнгөө Н.Болормаа надад буцаагаад өгсөн. Тэгээд удалгүй бизнестээ нэмэрлэх гэсэн юм гээд 80 сая төгрөг зээлсэн. Тэр мөнгөнөөсөө би 54 саяыг нь авч чадахгүй өдий хүрлээ. Шүүх, цагдаагийн байгууллагад хандан, хоёр жил хөөцөлдөж байгаа ч хохирлоо барагдуулж чадаагүй.
Нэг нутгийн хүн учраас мөнгөө өгчих байх гэж итгээд жил гаруй хүлээсэн. Тэр үед Н.Болормаа болон түүний аав ээж нь намайг дагуулан Зайсангийн ойролцоо газар ав гээд бичиг баримтыг нь надад өгсөн юм. Гэтэл тэр газрын кадастрын зураг, бичиг баримт нь хуурамч байсныг сүүлд мэдсэн. Мөнгөө нэхэн ингэж явсны чинь төлөө ганц ч төгрөг өгөхгүй. Харин ч хатуу хариу өгнө шүү” гэж Н.Болормаа намайг сүрдүүлсэн. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа” гэв.
Ч.ТУЯА