Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Тогтвортой худалдан авалт ба ногоон барилга байгууламж” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй сургууль барих зураг төсөл гаргах зорилгоор өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БНХАУ-ын Тонжи их сургуулийн судлаач Жак Ванжин, Швед улсын ногоон барилгын холбооны гишүүн, архитеторч Йонас Желландер болон БСШУЯ, Барилга хот байгуулалтын яам, ОБЕГ-ын төлөөлөл оролцов. Черетт буюу оролцогчдын санал бүр зөв хэмээх шинэ аргаар зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр эрчим хүч, усаа хэрхэн хэмнэх талаар түлхүү ярилцлаа.
Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгч Жон Лайонс “Монгол Улсад ногоон барилга байгууламжтай гэхээсээ илүү үйл ажиллагаа нь эко сургууль бий. Өнөөдөр бид байгальд ээлтэй шинэ сургуулийн зураг төслийн тухай болон хуучин барилгыг хэрхэн эко болгох талаар ярилцлаа. Орон нутгийн зарим сургуулийн бохирын цооног лагаар дүүрч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэтэл Шведэд өтгөн, шингэн бохирыг ялгаж, дахин боловсруулах технологитой сургууль байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломж байгаа эсэхийг судлахаас ажил эхэлнэ” гэв.
Харин энэ асуудлаар Швед улсын Ногоон барилгын холбооны гишүүн, архитекторч Йонас Желландер “Хуучин сургуулийг байгальд ээлтэй болгох арга олон бий. Сурагчдын сэтгэхүйг өөрчлөхөөс энэ ажил эхэлнэ. Борооны ус хуримтлуулж, ногоон байгууламжаа арчлах нь ус хэмнэх нэг арга. Түүнчлэн жорлонд цэвэр усны оронд борооны ус хийж болно. Манай оронд борооны усыг цэвэршүүлдэг технологи бий” гэв.
Сурагчдын сэтгэхүйг өөрчлөхийн тулд Швед улс олон арга туршчээ. Үүний нэг нь сургууль руу алхаж ирдэг хүүхдийг урамшуулах тогтолцоо аж. Автомашин байгальд болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас цагаа тохируулж, гэрээсээ эрт гарч алхахыг багш нар нь сурагчдад зөвлөдөг юм байна.