НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны аравдугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулсан юм.
Төслийн хүрээнд өнөөдрөөс нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн 30 автобус, тролейбус үйлчилгээнд гарлаа. Тодруулбал, "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн I баазын М13 чиглэлийн 10 автобус, II баазын Т3 чиглэлийн 10 троллейбус, III баазын М51 чиглэлийн 10 автобусанд суурилуулан туршилтын үйлчилгээнд гаргалаа. Туршилтыг ирэх долдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 1.200 орчим автобусанд цахим карт уншигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм. Төслийн хүрээнд “Хэрэглэгчийн төв” байгуулагдах бөгөөд “Цахим карт”-тай холбоотой асуудлуудаар иргэдэд үйлчлэх юм байна.