Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны зүүн талд “Би Жи Би Жи” гэх компани 2008 оны эхээр 3000 ам метр газар авч байжээ. Өнгөрсөн жил газрын зөвшөөрлөө сунгуулсан тэд долдугаар сарын 22-нд Барилга хот байгуулалтын яамнаас худалдаа үйлчилгээний газартай 18 давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл авсан аж. Ингээд “Би Жи Би Жи” компани дүн өвлийн цагаар барилгынхаа суурийг ухахдаа оногдсон газраа хааш хааш нь шуналтайгаар улам тэлсээр хөрсний нуралт үүсгэж, улмаар хажуугийн 16 дугаар байрыг хазайхад хүргэжээ.
Харин иргэд оршин суугчид есдүгээр сараас эхлэн тэнд барилга бариулахыг удаа дараа эсэргүүцэж, хөлөө хүрэх газар явж заргалдсан боловч тусыг эс олж, эцэст нь өөрсдөө байрнаасаа “хөөгдөхөд” хүрсэн байна. Хөрсний нуралт тус байрны суурьт нөлөөлөх эрсдэл үүссэн учраас дүүргийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн Онцгой комисст танилцуулснаар өчигдөр 20 цагаас эхлэн оршин суугчдыг ойролцоох зочид буудлууд руу нүүлгэн шилжүүлжээ.
Дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн хэлж буйгаар бол 18 давхар барилгын зөвшөөрөл олгосон цагаас эхлээд Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг холбогдох дээд байгууллагуудад 3-4 удаа албан бичиг хүргүүлж байсан боловч нааштай хариу ирж байгаагүй гэнэ. Тэр дундаа энэ том хэмжээний барилга барих зөвшөөрөл өгдөг ганц газар болох Барилга хот байгуулалтын яам бүр таг чиг байгаа аж. Ямартай ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос “Би Жи Би Жи” компанийн дээрх газрыг эзэмших болон барилга барих зөвшөөрлийг цуцалсан байна.
Харин одоо 16 дугаар байрны оршин суугчдыг зочид буудалд гурав хонуулах бөгөөд тэр хооронд мэргэжлийн байгууллагууд шинжилгээ, дүгнэлтээ гаргахаар байранд нь оруулах эсэхээ шийдэх гэнэ. Тэр болтол тэдний буудлын мөнгө болон хоол, нүүлгэн шилжүүлэх зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах аж. Түүнчлэн барилгын суурь ухсан их хэмжээний газрыг шороогоор битүүлэх, хөрсийг хүчитгэх бэхжүүлэх ажилд шаардлагатай мөнгийг ч тэндээс гаргах гэнэ.
Учир нь “Би Жи Би Жи” компанийн менежер Ганбат гэгч “Манай компани тэр мөнгийг гаргах боломжгүй” гэж хээв нэг хэлснийг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо ярив. Дараа нь тэгээд тэр компаниас мөнгийг нь гаргуулна гэж байгаа ч түүн шиг худал юм байхгүй гэдэг нь дээрх залуугийн үгнээс бэлхэн харагдаад байх шиг. Харин болохгүй гэдгийг нь мэдсээр байж барилга барих зөвшөөрөл өгсөн холбогдох албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болов уу хэмээн иргэд горьдож сууна.