Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нар өчигдөр өглөө Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар мордлоо. Тэд энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллаж, гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн баг Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаад Дорнод аймгийн Баян-Уул суманд асаж буй түймрийн голомт руу явсан байлаа.
Энэ сарын 19-нд Дорнод аймгийн Дашбалбар сум дахь хилийн застав, Баян-Уул сум дахь хилийн 0275 дугаар ангийн Ульхан орчмоор хил даван, ОХУ-аас орж ирэн Баян-Уул сумын үзэсгэлэнт байгалийг хуйхалж буй түймрийн баруун талыг унтраасан бол зүүн тал нь Царам, Цагаантэмээ, Зүрх уулын ой модонд авалцжээ. Үүнийг 22-ны өдөр цурамд оруулсан байна.
Баян-Уул сумын Эрээн багийн Хясуу ферм гэдэг газраар энэ сарын 15-нд хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хил “зөрчсөн” түймэр Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархжээ. Тэр өдөр Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын Эмгэнт гэдэгт хүрсэн түймрийг 20-ны өглөө цурамнаас алдсан аж. Эл түймрийг 22-ны өдөр Улз голд тулган цурманд оруулжээ.
Дашбалбар сумын Харзат багийн нутаг Ямалх гэдэг газраар 18-нд “зочилсон” түймрийг сумын иргэд цурамд оруулаад манаж байна. Түймэр унтраахаар нийслэлийн болон тус аймгийн онцгой байдлын албаны гал сөнөөгчид, цэргүүд, нутгийн иргэд долоо хоног амралтгүй ажиллаж байгаа юм. Гал сөнөөгчдийн гол багаж нь бензинээр ажилладаг цуравдагч аппарат. Түүнийг ажиллуулах шатахууныг аймаг, сумын нөөц сангаас гаргаж байсан ч хөрөнгө мөнгө нь дуусчээ. Тиймээс орон нутаг дахь ШТС-уудаас зээлээр бензин авч байсан гэнэ. Ийм хүнд нөхцөлд байхад нь ХХААЯ-наас 18 сая төгрөг бэлнээр өгч, тусалсан байна. Уг мөнгийг ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд ажиллахдаа хүргэж өгчээ. Тэд мөн хүнсний үйлдвэрүүдээс тусламж болгон өгсөн цагаан будаа, гоймон, овъёос, гурил, малын дөрвөн төрлийн эм бэлдмэлийг орон нутгийнханд гардуулсан байна.