Монгол Улсын Ерөнхийлөгчид Дундговь аймгийн ИТХ хандан, нутгийнх нь иргэн Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэхийг хүсчээ. Ц.Мөнхбаяр тус аймгийн Сайхан-Овоо сумын уугуул агаад сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан аж. Түүний өмнөөс уучлал хүссэн өргөдлийг аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээх хэрэгтэй гэсэн саналыг Дундговийн иргэд ИТХ-даа удаа дараа ирүүлсэн юм байна. “Ашигт малтмал олборлогчдын буруугаас болоод татарсан Онги голыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлснээр голын эхийг хамгаалж чадсан. Энэ үйлсийг нь дэлхийн байгаль хамгаалагчид үнэлж “Goldman Environmental Prize” шагнал хүртээсэн бол “National Geographic” сэтгүүл түүнийг ундны ус хамгаалагч дэлхийн шилдэг хүнээр шалгаруулсан” зэргийг ИТХ хүсэлтдээ дурдаад “Энэ бүхэн нь Ц.Мөнхбаярт хуулийн дагуу ногдуулсан ялыг хөнгөлөх бүрэн үндэслэл биш ч гэлээ эх орон, байгаль дэлхийн төлөөх тэмцэлдээ буруу арга хэлбэр сонгон, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг гүнээ ухамсарлаж байгааг нь аймаг, орон нутгийн ИТХ, ард иргэд мэдэрч ойлгосны үндсэн дээр энэхүү хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.