Эх орны дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан “Ялалтын буухиа 2015” арга хэмжээ ОХУ-ын Мурманск, баатар хот Брест цайзаас энэ оны хоёрдугаар сарын 2-нд эхэлсэн юм. Энэ арга хэмжээний хүрээнд “Победа-70” гэсэн бичигтэй цомыг энэ хоёр хотоос нэгэн зэрэг өөд өөдөөс нь буухиалан хөдөлсөн агаад есөн улсын нутаг дэвсгэр дээгүүр 60.000 км зам туулж, ОХУ-ын хилчдийн өдөр тохиодог тавдугаар сарын 28-нд Хүндэтгэлийн ууланд “уулзуулах” юм. Манай улсын зүүн хязгаараар орж ирээд 2000 гаруй км газрыг автомашинаар, 1000 гаруй км замыг онгоцоор туулан баруун хилд хүрсэн “Ялалтын буухиа”-г хамгийн сүүлд Баян-Өлгий аймаг дахь хилийн 0285 дугаар ангийн хамт олон хүлээн авч, Цагаан нуур-Ташантын боомтоор ОХУ-ын Уулын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач районд Оросын хилчдэд ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн юм. “Победа-70” манай улсын хилийн зургаан отряд болон Халх голын дайн болсон түүхэн дурсгалт газруудаар аялжээ.