Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн жил үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон 5425 хүнд 27.2 тэрбум төгрөг олгожээ. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд тус сангаас 164.2 сая, нөхөн сэргээх зардалд 822.3 сая төгрөг зарцуулсан ч үр дүн гэхээр зүйл харагдаагүй гэнэ. Дээрх хүмүүсийн 75 хувь нь 10-аас дээш жил тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа нь нөхөн сэргээх ажил хангалтгүй, үр дүн муутай байгааг гэрчилнэ.
Бүтээн байгуулалт нэмэгдэж, үйлдвэрлэл сэргэхийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах нь нэмэгдэж байгаа юм. Осол зөрчлийг багасгах оновтой зохицуулалт байхгүй, хохирлыг буруутай этгээдээр бүрэн төлүүлэхгүй байгаа нь үүнд нөлөөлж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газар ХБНГУ-ын Ослын даатгалын байгууллагатай хамтран энэ сарын 22-23-нд “Ослын нийгмийн даатгалын хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогчид, даатгуулагчид, судлаачид, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хамтран, Монголын онцлогт тохирсон ахуйн болон үйлдвэрлэлийн ослын даатгалын тогтолцоо бий болгож, хөгжүүлэх зөвлөмж гаргав.