Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн кабинетын зааврыг шинэчилжээ. Өмнө нь кабинетын эрхийг жилд хоёр удаа олгодог байсан бол шинэ заавраар нэг удаа буюу зөвхөн аравдугаар сард өгөхөөр болжээ. Нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулахад “Кабинетын эрхийг хоёр жилийн хугацаатай олгоно. Өмнө нь сургуулийн захирал “Ийм кабинетаа шалгуулмаар байна” гэж манайд ханддаг байсан. Одоо сургуулийн захирал, сургалтын менежер кабинетын шалгуур үзүүлэлтийг 80-аас дээш хувиар хангасныг нотолж, гарын үсэг зурж дүн, албан хүсэлтээ манайд аравдугаар сард ирүүлэх ёстой. Хэрэв шаардлага хангаагүй кабинет шалгуулах хүсэлт гаргасан байвал хоёр жилийн хугацаанд дахиж шалгахгүй” гэв.