Иргэд гүний худаг гаргахаар газар өрөмдсөнөөс болж, УСУГ-ын 800-гийн төв магистрал шугам хагарч, ус олгойдон, найм есөн давхар байртай тэнцэхүйц хэмжээний буюу 30 орчим метр өндөр усан оргилуур Баянзүрхийн товчооны ойролцоо үүсчээ. Цэвэр усны шугам хагарсан дуудлага Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өнөөдөр 19.50 цагт ирсэн байна. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн УСУГ-ын Ослын бригад ажиллаж, усыг хаасан ч ус олгойдох нь зогсоогүй хэвээр байна.