Хэвлэл мэдээллийн салбарт өөр өөрийн өнгө аясыг тодорхойлж яваа эмэгтэй гэрэл зурагчид өнөөдөр уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээв.
“Бүсгүй мэлмий” хэмээх эл үзэсгэлэнг Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос зохион байгуулав.
Монголын эмэгтэй гэрэл зурагчид өмнө нь гурван ч удаа үзэсгэлэн гаргаж байсан ч энэ удаагийнх шиг олуулаа нэгдсэн түүх байдаггүй аж. Үзэсгэлэнд фото сурвалжлагч эмэгтэйчүүдээс анхны СГЗ цол хүртсэн Ц.Нина агсны уран бүтээлээс эхлээд ахмад гэрэл зурагчин Б.Улятайхүү, Х.Хашиймаа, Д.Цэрэннадмид, С.Туяа болон залуу уеийн төлөөлөл болсон 13 гэрэл зурагчны 80 орчим бүтээлийг дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлээс бүсгүй хүний дотоод ертөнц дуран авайд хэрхэн туссаныг өгүүлэхийн ялдамд монголын соёл, зан заншил, ахуй амьдрал, урлаг, спорт, хүүхдийн өхөөрдөм төрх, бүсгүй хүний гоо үзэсгэлэн, монголын байгаль, ховор нандин агшин, тухайн нийгмийн бодит түүхийг гэрчилсэн бүтээлүүд багтжээ.
Энэ үеэр гэрэл зурагчин бүсгүйчүүдийн сэтгэгдэлийг хуваалцлаа.
Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Би 1962 оноос хойш тасралтгүй 53 жил гэрэл зураг авч байна. Анх хобби маягаар гэрэл зураг авч байсан бол сүүлдээ мэргэжил болсон доо. Охин, хүү, хүргэн маань миний мэргэжлийг өвлөсөн. Энэ үзэсгэлэнд 1978 онд Японд болсон “Азийн хүүхдүүд” уралдаанаас Гранпри хүртэж байсан “Өглөөний дасгал” зургаас эхлээд хөдөө аж ахуйн сэдэвтэй бүтээлээ толилуулж байна.
Монцамэ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Т.Чимгээ, “Камерын дурангаар ертөнцийг тольдоод 33 жилийг ардаа үдэхдээ баяр гуниг, уур хилэн, хайр энэрэл бүгдийг гэрэл зургийн хальснаа буулгах мөч бүхэнтэй нүүр тулж явснаа эргэн дурсах нь миний мэргэжлийн аз жаргал. Эргэн ирэхгүй алтан агшнаас энэ ертөнцийг гэрэлтүүлдэг эгэл хэрнээ энгүй хайрын эзэд болсон бяцхан үрсийнхээ ховор мөчүүдийг энэхүү үзэсгэлэндээ дэлгэсэндаа баяртай байна.
Гэрэл зургийн багш С.Туяа: Монголчуудын мал аж ахуй эрхэлсэн амьдрал нь хэдэн зуун жилээс бидний үеийг дамжиж ирсэн. Нүүдэлчин соёл, ахуй зан заншлаа ямар ч үед орхилгүйгээр XXI зуунд авч ирсэн ардынхаа бахархам дүр төрхөөс энэ үзэсгэлэнд толилуулах болсондоо гүнээ талархаж байна.
Энэ үеэр БСШУЯ-ны сайдын тушаалаар ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид, С.Туяа, С.Бадамханд нарыг СТА цолоор шагнасныг МГЗНХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гардуулав. Харин гэрэл зурагчин Д.Бямбадорж, Д.Эрдэнэцэцэг, Ж.Үермаа нар МСНЭ-ийн шагнал Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав.
Үзэсгэлэн “Блью Мүүн” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 26-ныг хүртэл олны хүртээл болно.