“Сант марал” сан хамгийн сүүлд хийсэн судалгаагаа хэдхэн хоногийн өмнө танилцууллаа. “Хэрэв маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон 1200 хүний 21.6 хувь нь МАН, 18.3 хувь нь АН, 10.5 хувь нь МАХН гэж хариулжээ. АН-ын рейтинг унасныг гайхах юм алга. Энэ намын хэдхэн улстөрчийн хийрхэлд улс орон өртөж, гадаад ертөнцөд Монголыг онигоо болгож байхад харин ч өндөр санал өгчихөж. АН засаг барьснаас хойших үйл явдлууд, сүүлийн хэдэн өдөр Тавантолгойн орд тойрон өрнөж байгаа “хошин шог”-ууд тэднийг ирэх сонгуулиар өндийхгүй болоход хангалттай хувь нэмэр оруулав.
Бага чулуугаар их чулууг цохих, дэнжигнэх төв цэгийг нь олж “буудах” гэх мэт хорон арга барил газар авчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан АТГ шалгаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурийг ч мөн л АТГ сэжигтнээр шалган хорьж буй. АН засаг барьж буй үед гишүүд нь дээлээ нөмөрсөн ийм тохиолдол анхных биш. 1996 онд энэ нам төр барьж байхдаа УИХ-ын гурван ч гишүүнээ шоронд илгээсэн түүхтэй. Ер нь эрх барихыг хорих, шалгах, цагдах, айлгах хэмээн андуурдаг бололтой юм.
АН-ЫНХАН АЙДАСТАЙ БАЙНА
Одоо бараг томоохон албан тушаалд очмор гэж тэд нэгнийгээ харааж буй биз. Учир нь дурлаж очсон албан тушаалын зөөлөн суудлаа шоронгийн хүйтэн өрөөгөөр солих эсэхэд ганц алхмын зай байдаг болж. Хөшигний цаанаас хэн нэгэн гар дохиход л гүйцээ. Нэг иймэрхүү байдлаар золиос болсон байж мэдэх дээрх хоёр эрхэм энэ долоо хоногт үгээ хэлэв. “Нүүрс” хөтөлбөрөөс завшсан гэх 3.6 тэрбум төгрөг зөвхөн цаасан дээр бий хэмээн Л.Гансүх “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн. Багануурын нүүрсний уурхайгаас нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр аваад шигших, тээвэрлэх, худалдах хүмүүсийн цалин гэх зэрэг бүх зардлаа шингээгээд 80 мянган төгрөгөөр иргэдэд зарж байсан. Тэгж байтал “Багануур” ХХК-ийн ТУЗ-өөс нүүрсээ өөрсдөө шигшээд 39000 төгрөгөөр худалдах тогтоол гаргасан юм байна. Гэвч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Аудитын байцаагч бүсгүй энэ тогтоолын зөрүүгээр хоёр тэрбум төгрөг босгочихсон гэнэ.
Мөн нүүрс тээвэрлэхэд хаягдал, хорогдол гардгийг тооцолгүй, зөрүүгээс нь тэрбум төгрөг идсэн хэмээн Л.Гансүхийг буруутгасан гэнэ. АТГ шинжээчийн дүгнэлтэд үндэслээд л хэрэг үүсгэж орхив. Тэр гурван сар хоригдоод одоо батлан даалтад гараад буй юм. Бас ийм зүйл болсныг “Улс төрийн зорилгоор л би яллуулсан болов уу. Эмчилгээ хийлгээд БНСУ-д явж байхад минь оргон зугтсан гэж зарласан. Тэр үед Хууль зүйн сайдыг огцруулахаар оролдож байлаа. Ийм үед нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх луйварчин байх нь ашигтай байсан” гэжээ. Гэхдээ тэр намдаа буруу өгөхийг хүсэхгүй байна лээ. “АН засаглаж чаддаггүй гэж харуулах гэсэн хэсэг хүний сонирхол. Ийм үйлдэл сөрөг хүчинд ашигтай байсан” гэсэн юм. Түүнд Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар ял төлөвлөсөн. Ингэвэл 10 орчим жилийн ял авах юм.
Н.Алтанхуягийг огцруулах зорилго биелсэн, тэгэхээр энэ хэргийг ингэсгээд замхраах уу, харж л байя. Удаах “хохирогч” нь Я.Батсуурь. “Говь повер” компанийн гэрээг цуцалсан, тэд шүүхэд хандаж нөхөн олговор шаардсан. Шүүхээс нөхөн олговор олго гэсэн шийдвэр гарсныг тэр биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийг бүх хүн биелүүлэх ёстой. Гэхдээ АН засаг барьж буй үед шүүхийн шийдвэрийг биелүүлээд шоронд орчихож болж байгаа юм. Энэ эрхэм намын журмын нөхдөдөө хандан бичсэн захидалдаа “Би буруугүй, батлан даалтад гарч шалгуулъя” гэжээ. Ийм явдал болсныг тэд гэнэт л “мэдэв”. Эвгүй хөдөлбөл өөрөө ч араас нь явчихаж мэдэх учраас үг, үйлдлээ цэнэж буй юм.
Захидлын талаар УИХ дахь бүлгээрээ ярилцаж, “Гишүүдээ барьж хорьдгоо боль” гэх мэтээр мэтгэлцсэн гэх. Эцэст нь Я.Батсуурьт “хоол хүргэх” гурван хүнтэй Ажлын хэсэг байгуулсан бололтой юм. Бас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хардаж, нөгөөх нь “Би үүнд хамаагүй” гэсэн тайлбар хийсэн сурагтай. Энэ бүхний үр дүн гарсан уу, Я.Батсуурийг батлан даалтад гаргахаар болсон байна.
ТАВАНТОЛГОЙ ХЭМЭЭХ “БӨМБӨГ”
Уг нь улс орны эдийн засгийг өөд татах хоёр том төслийн нэг нь энэ. Эдийн засаг хямраад, ард иргэдийнх нь амьдрал хэцүүдээд байгааг дээгүүрх хэд тоож байгаа ч юм алга. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын түвшинд шийдэх гэхэд нь З.Энхболд хаалт тавьсан. “За УИХ-аар оруулъя” гэхэд нь “Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэнээсээ асуугаагүй байна” гээд төслийг буцааж орхисон. Засгийн газар дутууг нь нөхөөд дахин өргөн барилаа. Гэвч хүлээж авахгүй нь тодорхой болов. З.Энхболд дарга “Засгийн газар хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй. Ер нь хувьцаа тараагаагүй, тэгэхээр хуралдах ч шаардлагагүй” гэдэг хууль бус шийдвэр гаргасан байна. Хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр компанийн хувь заяаг шийдэж, 60 жилээр хоёр хувийн түрээсийн төлбөртэйгөөр өгч болохгүй.
2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолоор бүх хувьцаа эзэмшигч саналын эрхтэй. Тавантолгойн ордыг 200 жил ашиглана. Ийм компанид жилийн хоёр хувиар ногдол ашиг хуваах юм бол эхний 20 жил юу ч авахгүй. Дараагийн 40 жилд 2500 төгрөг авна. Үүнийг хувьцаа эзэмшигчид зөвшөөрч байвал УИХ гэрээг зураад өгье” гэж ярьжээ. Тогтоолоо өргөн барих цаг авах гээд уржигдар хэдэн сайд түүнийг царай алдав. Бүр Төрийн тэргүүн Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрыг дуудан уулзаж, “найрч” байж нэг юм цаг гаргуулсан бололтой юм. Одоо УИХ-ын дарга “Хоёр сая иргэнээсээ асуугаагүй байна” гээд л Ч.Сайханбилэгийн амыг таглачих байх. Уг нь Засгийн газар томоохон төслүүдээ урагшлуулах уу гэдгийг аль хэдийнэ иргэдээс асуугаад зөвшөөрөл авчихсан.
Гэвч З.Энхболд даргын сэтгэл ханахгүй нь. Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, тэр АН-ын дарга болсон цагаас хойш энэ нам бүр л алиа харагдах болов. Фракцгүй боллоо гэж зарласан. Төрийн дээр нам, намын дээр фракц гарчихсан энэ тогтолцоо амархан үгүй болж мэдэхээр дүр зураг ажиглагдаад байна. Муу ч гэсэн 5-6 хүн ярьж шийддэг байсан бол одоо ганцхан З.Энхболд шийддэг болж буй учраас тэр. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван гол дүртэй энэ “тоглолт”-ын золиос нь ганц нэг улстөрч ч биш, Монгол Улс болчих юм биш биз. Тавантолгойн ордыг хоорондоо “бөмбөг” болгон шидэж, “хав дарсаар” байтал нүүрс үнэгүйдэх вий. Үүний оронд УИХ-аараа хурдан хэлэлцээд алдаа, мадгаа ярьж, сайн гэрээ хийж болохгүй юу. Хоёр сая хүнээс нэгбүрчлэн санал асууна гэвэл харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр болно. Ер нь тэгж цаг алдахын оронд гэрээг урагшлуулахад саад болоод байгаа УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулчихсан нь илүү хурдан юм биш үү. Саад арилна, эрх мэдлийн төвлөрөл ч саарна.
С.ТУУЛ