Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр орой болжээ. Хуралд оролцогчид нийслэлийн Онцгой комиссын энэ сарын 22-ны өдөр өгсөн үүргийн дагуу холбогдох албаныхан хэрхэн ажилласан талаар мэдээлэл солилцсоны дээр цаашид шаардлагатай арга хэмжээг даруйхан авч хэрэгжүүлэх үүрэг бүхий тушаал тус комиссоос гаргахаар шийдвэрлэлээ. Уг тушаалаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гарган, ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэгдсэн байна. Мөн дээрх асуудалтай холбогдуулан зарим албан тушаалтан, компанийн удирдлагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргах дүгнэлтийг үндэслэн шалгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн МХГ-ын урьдчилсан дүгнэлт өнөөдөр 15 цагт гарна.