БНХАУ-ын Шиа Мэйний их сургуулийн Гадаад дахь боловсролын институт болон Монгол Улсын Үй-Цай хятад хэлний сургалттай бүрэн дунд сургуулийн хамтарсан бакалаврын онлайн сургалтын төв энэ сарын 21-нд нээлтээ хийв.
Нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Шиа Мэйний их сургуулийн Гадаад дахь боловсролын институтын захирал Жөн Тунто тэргүүтэй төлөөлөгчид болон Үй-Цай бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяр болон тус сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцов.
Үй -Цай бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяр хэлэхдээ, “Таван жилийн өмнө Хятад улсад олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох үеэр Шиа Мэйний их сургуулийн Гадаад дахь институтын захирал ноён Жөн Тунтотой уулзаж онлайн сургалтын төв нээн ажиллуулах талаар ярилцаж байсан юм. Ингээд өнгөрөгч оны 10 дугаар сард тус сургууль дээр өөрийн биеэр очиж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Манай 2 сургууль гурван чиглэлээр хамтран ажиллана. Үүнд нэгдүгээрт, онлайн сургалт, хоёрдугаарт 25-30 монгол сурагчийг өвөл зуны амралтаар тус их сургуульд богино хугацааны сургалтад хамруулах, гуравдугаарт хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, сургалтын материалыг эмхэтгэн гаргана. Түүнчлэн тус сургуулиас багш нарыг урин авчирч, монгол хүүхдүүдэд сургалт явуулна. Манай сургууль 8 удаагийн төгсөлт хийсэн. Төгсөгчдийн тоо хэдийн 400 даваад байна. Энэ бол Хятад-Монголын сургуулийн хамтын ажиллагаанд анх удаа их сургууль болон дунд сургууль хамтран ажиллаж байгаа явдал юм. Манай сургуулийн төгсөгчид төдийгүй бусад хятад хэлний сургуулийг төгссөн сурагчдад энэхүү онлайн сургалтын төвийн үүд хаалга нээлттэй байна. Онлайн сургалтаар дотооддоо их, дээд сургуульд суралцахын зэрэгцээ эдийн засаг, хууль, олон улсын худалдаа, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, зочид буудлын менежмент зэрэг мэргэжлээр 2 жилийн хугацаанд суралцаж, тус их сургуулийн бакалаврын диплом авах боломжтой. Элсэхийг хүсэгчид хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 4 болон түүнээс дээш зэрэглэлийг авсан байх шаардлагатай” гэв.