УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барилаа. УИХ 2014 онд 34 дүгээр тогтоол баталж, Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэлийг Засгийн газарт өгсөн. Уг чиглэлийн 1.4-т Тавантолгойн ордоос олборлож буй бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэхийг тусгажээ.
Мөн чиглэлийн 1.6-д Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулахыг заасан байна. Тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагаа, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих концессын гэрээг хавсаргажээ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн баруун, зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагаатай холбоотой гэрээний эрх, үүргийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэхийг Засгийн газарт даалгах, УИХ-аас өмнө нь Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой баталсан тогтоолуудын уялдааг хангахаар таван заалт оруулах санал тусгажээ.
Засгийн газраас УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, хөрөнгө оруулагчаар Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна Шинхуа энержи”, Японы “Сүмимото” компанийн консорциум шалгараад байгаа. Тэдэнтэй гурван сарын турш хэлэлцэн гэрээний төслийг бэлтгэсэн юм. УИХ өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг баталбал гэрээг байгуулах эрхтэй болно. УИХ-ын дарга З.Энхболд энэхүү гэрээний төслийг ашиггүй хэмээн хувийн байр сууриа илэрхийлээд буй.
Түүний удаа дараагийн эсэргүүцсэн мэдэгдэл нь олон нийтийг эргэлзүүлсэн. Улмаар өнгөрсөн даваа гаригт гэрээний төслийг буцааснаа мэдэгдсэн нь нэлээд дуулиан дэгдээсэн юм. С.Баярцогт энэ талаар “Санаачилсан хууль, тогтоолын төслийг өргөн барихаас өмнө бүрдүүлэлтийг УИХ-ын Тамгын газар 72 цагт багтааж хянадаг. УИХ-ын Тамгын газраас таван төрлийн бичиг баримт нэмж өгөөч, нэг материалыг ойлгомжтой болгооч гэсэн хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр тогтоол баталж, холбогдох материалыг бүрдүүлсэн” гэж тайлбарлав.
Т.ЭНХБАТ