Монголын хүүхдийн байгууллагын үндэс суурь 1925 оны тавдугаар сарын 8-нд тавигдаж, 51 хүүхэд ёслолын хувцастай жагсаж, пионерын тангараг өргөж байжээ. Их зохиолч Д.Нацагдорж энэ байгууллагыг удирдаж байсан төдийгүй “Залгамжлагчийг залгамжлах пионер багачуудын дуу”-г зохиож өгсөн байдаг.
Тэгвэл энэ жил Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд аймаг бүрт асуулт,хариулт, гар зургийн уралдаан зохион байгуулж байгаа төдийгүй энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо хүүхдийн урлагийн “Яргуй” бага наадмыг зохион байгуулахаар болжээ. Дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр гоцлол, хамтлаг гэсэн ангиллаар багачууд авьяасаа сорих юм.