З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга... Спикер тэдний араас Тавантолгойн нялх оддыг төрүүлснээ танилцуулав. Л.Эрдэнэчимэг, А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар Тавантолгойг шүүх гэнэ шүү. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Л.Эрдэнэчимэгийг томилсон. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг одоохондоо Тавантолгойн ажлын хэсгийг ахлах дайтай боловсроогүй гэдгийг улс төр оролддог болоод огтоос сонирхдоггүй нь ч гадарлах билээ. Түүний “цэргүүд” дотор Уул уурхайн сайдаар хоёр жил ажилласан Д.Ганхуягийг эс тооцвол дэлхийд томоохонд тооцогдож буй ордын тооцоо гэж юу байдгийг шүүх байтугай төсөөлөх гишүүн харагдсангүй.
М.Сономпил улс төрд хэдэн оймс илүү элээснийх хэрээ мэдээд нэрээ татна билээ. Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн гурав бол шүүн тунгаах ёстой төслийнхөө ард нэг хором ч сууж тэвчихгүй. Ойлгохгүй хойно уншаад ч ажлын гарз болох биз. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд гэж нэг бүр нь 10 гаруй см зузаантай гурван боть байгаа дуулдсан. Ядаж морь, бөхийн тухай юм байсан бол мань гишүүд уншихаар оролдож магадгүй л юм. Ажлын хэсгийнхэн тун дулимаг нөхөд гэдгийг УИХ-ын дарга андахгүй сайн мэдэж л байгаа.
Тиймээс тэдэнд хуулуулах “онц сурлагатан”-аар Хуулийн зөвлөх А.Гансүхээ илгээв. Спикер заргачаараа улсдаа зартай эр л дээ. Бас ч үнэний төлөө бат нот заргалдаж асан цаг нь саяхансан. Харин Тавантолгойн төсөл Засгийн газраас УИХ-д шилжих үйл явц сунжрах тусам З.Энхболд даргыг заргаа авахын тулд хэн ч хамаагүй, юу ч яадгийм болчихсон гэдгийг нь олон нийт тодхон харж байна. З.Энхболд яагаад заавал Л.Эрдэнэчимэгийг сонгосон нь сонин. Хоёул “Женко”-гийн хүн. Хоёул тамхийг үзэн яддагаараа санаа нийлдгийг нь мэдэх юм. Гэтэл уул уурхайн томоохон ордын стратеги гэдэг тамхины эсрэг үзэл төдийгөөр нэгдэн шийддэг эд биш.
Тавантолгой бол монголчуудын “саалийн үнээ” болох ёстой маш том эдийн засаг. Л.Эрдэнэчимэг фракцын ах нарынхаа шахаасаар ажлын хэсэг ахлахаар болсон нь ойлгомжтой. Ажлын хэсэг гэдэг шуурхай ажиллагаатай, ажил хэрэгч дүгнэлт гаргах учиртай бүлэг. “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг дүгнэх ажлын хэсэг” гээд сонсоход л ашигт малтмал, уул уурхайн эдийн засаг, банк санхүү, гадаад харилцаа, геополитикоор мэргэшсэн боловсон хүчнүүд цуглаж, илүү нарийн шүүлт үүрээр тунгаах гэсэн утга аяндаа уншигдах боловч энд хэн, хэн цугласныг харахаар өмнөөс нь ичээд байх юм.
Хамгийн өндөр хариуцлага үүрэх Тавантолгойн ажлын хэсэг ийм байгаа хойно бусад нь яаж ажилладаг бол гэсэн эргэлзээ төрж эхлэв. Л.Эрдэнэчимэг тэргүүтний чансаа УИХ-ын бусад ажлын хэсгийн нэр хүндийг ч навс унагаж орхилоо. УИХ-д дандаа мангуунууд ороод суучихаагүй байлтай. Р.Амаржаргал, М.Батчимэг гээд эднээс толгой өндөр мэдлэгтэй хүмүүс ямар учраас хойш суугаад байгаа нь бас л асуулт. Чухам тэд Тавантолгойг ойж буудаг бөмбөг адил өшиглөж буй харанхуй тоглоомонд оролцохоос татгалзаж байж ч болох. Ц.Баярсайхан, Р.Амаржаргал нарын зэрэг хэд хэдэн гишүүнд Л.Эрдэнэчимэгийн удирдлага дор ажиллахыг санал болгосон боловч зөвшөөрөл авч чадаагүй гэсэн яриа Төрийн ордноос дууллаа. Тавантолгойг ингэж хүн айж, нохой гаслам хогийн тантан болгочих ч гэж дээ, спикер.
Б.ЭНХЦЭЦЭГ