Хуурамч диплом ашиглан төрийн албанд орох явдал цөөнгүй. Хууль хэрэгжүүлэгч АТГ, ШЕЗ, ШШГЕГ-т хүртэл хуурамч диплом ашиглан шургалсан байсныг манай сонин ил болгосны дагуу тэдгээр хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл хуурамч диплом ашиглан, орон нутаг дахь төрийн албанд орсон явдал гарчээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б дээд боловсролын хуурамч гэрчилгээ ашиглан, Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ. Тэрбээр “Өлзийт” дээд сургуулийг санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн дипломтой байжээ. Тиймээс Б-г Санхүүгийн албаны даргаар томилох үндэслэлгүй болохыг АТГ-аас тус сумын удирдлагад мэдэгдэж, улмаар хуурамч диплом ашигласан хэргийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлжээ.
Үүнээс гадна ашиг сонирхлын зөрчилтэй хүн төрийн албанд ажилд орсныг АТГ-ынхан тогтоож, ажилд томилсон тушаалыг нь хүчингүй болгуулсан гэнэ. Тодруулбал, Хэнтий аймгийн Авто тээврийн газрын даргаар томилогдсон Д аймгийн Автозамын газрын даргын албан тушаалд тавьсан шаардлагыг хангаагүйн зэрэгцээ их, дээд сургууль төгссөн диплом нь ч жинхэнэ, эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Тиймээс Д-г Хэнтий аймгийн Авто тээврийн газрын даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгожээ.