Японы “Heart saving project” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа манай улсад анх 2001 онд эхэлснээс хойш зүрхний мэргэжлийн эмч нарын баг ирж Монголын олон зуун хүүхдэд зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ хийгээд буй. Энэ жил тус байгууллага Сүхбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод дөрөв, тав, ес, арваннэгдүгээр сард төлөвлөгөөт оношилгоо эмчилгээгээ хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жилүүдэд ч тус байгууллагын эмч нар нийслэл хот болон 20 аймагт ажиллаж өнөөдрийг хүртэл 4311 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 489 хүүхдийг эмчилжээ. Монгол Улсад олон жил дараалан ирж ажиллаж байгаа тус эмч нарын багт УИХ-ын гишүүн Х.Баттулга тусламж үзүүлсээр ирсэн байна.