Чингисийн талбай дээр Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авах ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн билээ. Тус үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зохион байгуулж байгаа юм.
Тус үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зохион байгуулж байгаа юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр Тавантолгойн хувьцаа эзэмшигчдээс санал сонсох ажиллагаа үргэлжилж байна. Иргэд ер нь ямар санал хэлж байна?
-Тавантолгойн гэрээний талаар иргэдийн санаа бодлыг сонсож байна. Яагаад гэхээр Тавантолгойн ордод иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. 550 гаруй аж ахуйн нэгж Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг заавал сонсох ёстой. Харамсалтай нь Засгийн газар иргэд аж ахуйн нэгжүүдээс асуух шаардлагагүй 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа учраас шууд гэрээгээ зурна гэж биднийг айлгаад байгаа. Саналын эрхтэй юу эрхгүй юу гэдгийг Засгийн газар тодорхойлдоггүй. Өмчлөлийн эрхийг, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөвхөн хуулиар л хязгаарлах боломжтой. Хуулийг УИХ гаргадаг, парламентаас баталдаг. УИХ бол хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах чиглэлд ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Энэ ч утгаараа миний бие өнөөдөр Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусдаа бие даасан бүлэг оруулья гэдэг санаачлага гаргаад иргэдийнхээ саналыг авч байна. Өөрөөр хэлбэл гурван сая хүний эрхийг хамгаалах заалт энэ гэрээнд оруулахгүй бол энэ гэрээ хоосон, хууль зөрчсөн, агуулгагүй гэрээ болно. Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулинд Стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь Төрийн мэдэлд байна. 20-иос доошгүй хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулж борлуулна, иргэдэд хувьцаа олгоно гээд заачихсан байгаа. Тэгэхээр газрын баялаг, энэ улсын баялаг бол нийт монголчуудын баялаг. Хэдэн дарга нарын мэдэх зүйл биш. Тэгэхээр энэ баялагийн асуудлыг ярих гэж байгаа бол эздээс нь асуух ёстой. Эздээс нь зөвшөөрлийг нь авах ёстой.
-Иргэдээс санал авах ажиллагаа хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Маргааш 11-17 цаг хүртэл үргэлжилнэ. Хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд хөдөө орон нутаг болон зах, хүн ам олноор суурьшсан газруудаар манай залуучууд, судлаачид явж иргэдийн саналыг авна. Нэгдэх өдөр иргэдийн саналыг нэгтгээд Засгийн газарт хүлээлгэж өгнө. Иргэдийн бодол санаа ийм байна гэж Засгийн газарт ойлгуулахыг хүсч байна.
Харин иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн иргэн Д.Ариусах
Энэ төрөөс ганц хүлээж, харж байсан зүйл бол Эрдэнэс Тавантолгойн хувьцаа. Гэтэл өөрсдөө дур мэдэж шийдвэр гаргаад иргэдээсээ асуулга ч явуулсан зүйлгүй иргэдийн саналыг авч байгаа ч зүйлгүй шийдвэрүүд гаргаж байна.Өнөөдөр түмэн олон дунд хувьцааны ногдол ашиг, хувьцаагаа хэрхэн эзэмших үү гээд олон эргэлдэж тээнэглэзсэн хүмүүст мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа нь маш зүйтэй.Хүмүүс үүнийг л хүлээж байсан.
БЗД-ийн 23-р хорооны иргэн С.Тэгшээ
Иргэдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой.Яагаад гэхээр энэ ЭрдэнэсТавантолгойн хувьцаа гээд байгаа зүйл чинь Монголын баялаг. Эх орныхоо баялагыг иргэд нь хүртэх эрхтэй.Тэгэхээр иргэдийн санал иргэдийн ашиг сонирхол хамгийн түрүүнд байх ёстой.
СХД-ийн иргэн Н.Готов
Өнөөдрийн хүмүүст хүргэж байгаа мэдээлэл хувьцааны талаарх ойлголт хамгийн их хүлээгдэж байсан хүлээлт.Иргэд зарим нь хаана очиж хандахаа мэдэхгүй төөрөлдөж байсан.Ж.Батзандан гишүүн санаачилж энэ үнэт цаасны газраас улсууд дагуулж ирээд ингээд иргэд олон түмэнд хувьцааны талаар ойлголт өгөөд иргэдээс санал асууж биечлэн уулзаж байгаа нь сайн хэрэг.Уг нь энэ ажлыг ИХ-ын гишүүн биш Засгийн газрын хийх ёстой ажил юм шүү дээ.
СБД-ийн иргэн н.Сугар
Иргэдийн санал хувьцаагаа бэлэн мөнгөөр нь авах саналтай байна.Зарим хүмүүс хувьцаагаа юу ч болоод байгаам мэдэхгүй улс байна. Засгийн газар тавантолгойн хувьцааны асуудлаар аль эрт иргэдээс санал асуулга авч нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой байсан.Гэвч дур мэдэж өөрсдөө дээгүүр ярьж суугаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна.Ямартай өнөөдөр саналаа өгсөн.Ирэх даваа гаригт ажлын хэсэгт нь иргэдийн саналыг тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай.Бидний саналыг авч байна уу авахгүй байна уу гэдгийг чих тавин сонсох болно.Хэрэв иргэдийн энэ авсан саналыг хүлээж авахгүй байвал иргэд олон түмэн шууд эсэргүүцлээ илэрхийлнэ.
СБД-ийн иргэн Ч.Жадамба
Бороо хуртай байсан ч гэсэн иргэд ингэж олноороо цуглаж саналаа өгч байна гэдэг яалт ч үгүй хүлээж байсан зүйл. Эргээд бидэнд ямар хариу барих нь чухал.Ж.Батзандан гишүүн ганцаараа гарч ирээд санал асууж байна.Маш зөв.Гэхдээ энд ганц Ж.Батзандан биш гишүүд бүгд гарч ирэх ёстой байсан.Засгийн газар нь ажлаа хийхгүй байвал гишүүд өөрсдөө ингээд санаачилга гаргаад гараад ирэл дээ. Одоо саналаа өгсөн бид эргээд хариугаа хүлээнэ.Заавал иргэдийн саналыг хүлээж авсан нааштай хариу хүлээж авна гэдгээ хатуу хэлмээр байна.