Миний мэргэжил сэтгүүлч. Мэдээллийн зүг чиггүй уудам орон зайд хөл тавьж, үйл явдлын тоосонд хутгалдсаар тун сонирхолтой таван жилийг өнгөрөөжээ. Энэ зуур үзэж харсан, сонсож дуулсан, эргэцүүлэн бодсоноо тэрлэсэн том, жижиг тэмдэглэлийн дэвтрүүд шүүгээнд маань хэдийнэ багтахаа больж. Дэлхийн гүрнүүдээс хөгжл өөрөө хоцрохгүйг хичээж яваа Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал тэдгээр дэвтрээс минь “ханхалдаг”. Үйл явдлын дундуур туучиж, эрж хайж, сурвалжлан бичих явцдаа өөрсдөө “боловсорч”, басхүү ард түмний оюуныг мэдээллээр “хооллох” эрхэм үүргийг сэтгүүлчид хүлээдэг билээ.
Алхам алхмаар урагшлах бүртээ ажлынхаа амт шимтэд улам, улмаар уусан, дурласаар байна. “Сэтгүүлч хүн олон талын, өргөн мэдлэгтэй байх ёстой” гэж С.Батбаатар эрхлэгч байнга сануулдаг сан. Болж өгвөл бүхий л салбараар мэргэшиж, “универсаль” болохыг нийгмийн амьдрал шаарддаг учраас тэр биз. Эдийн засгийн сэдвээр бичихийн тулд улс төрийн шийдвэр, үйл явцыг өдөр тутамд анзаарах шаардлага үүсдэг бол нийгмийн амьдралд өрнөж буй өнгө өнгийн үйл явдлуудыг сурвалжлахад эдийн засгийн мэдлэг эрхгүй шаардагддаг юм билээ.
Сэтгүүлчийн ажил харагддаг шигээ амархан биш. Ганцхан тоо, баримт алдах төдийд материал үнэ цэнэгүй болж, бүтэн долоо хоногийн хөдөлмөр талаар болох вий. Нөгөөтэйгүүр, мэдээлэл олж авах бололцоог эрх мэдэлтнүүд хаана, загнана, заримдаа дарамтална. Харин “Сайн бичлэг болжээ” хэмээн хамт олноосоо дуулах төдийд стресс, дарамт хумхийн тоостой хийсэн оддог нь сайхан. Уншигчаасаа урмын үг сонсоно гэдэг сэтгүүлч бидэнд хамгийн том шагнал мэт санагддаг. Цаг, сэтгүүлч хоёр мөнхийн өрсөлдөгч, дайсан мэт.
Чаг чагхийн урагшлах цагийн зүүг харах тоолондоо болдогсон бол түр зогсоочихмоор санагдахыг яана. Хоногийн 24 цагийн хагасаас ч илүүг ажилдаа зориулж, хань ижил, хувийн амьдралаа умартан, үр хүүхдээ өсөж өндийхийг анзаарах сөхөөгүй ажилладаг Монголын мянга мянган сэтгүүлч мэдээллийн их урсгалд үл гүйцэгдэхийг хүсэн, яарч адгасаар явна. Өдөр тутам мэдэрдэг ийм яаруу хэмнэлээсээ түр холдох төдийд ертөнцөөс ганцаараа тасарчих шиг, ямар нэг зүйлд ялагдсан ч юм шиг уйтай, уйтгартай санагдана.
С.ӨСӨХ