Хилийн мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нар хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг энэ сарын 1-нээс хамтарч шалгахаар боллоо. Өмнө нь гаалийн байцаагч шалгасны дараа мэргэжлийн хяналтынхан шалгадаг, үүний дараа гаалийнхан дахин очиж татвар ногдуулдаг байсан нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа алдах зэргээр хүндрэл учруулдаг байжээ. Мөн гаалийн байцаагч шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын байцаагчдад мэдэгдэн зорчигч, тээврийн хэрэгсэл, барааг шалгуулдаг байсан нь хорио цээртэй зүйл хилээр нэвтрэх, халдварт өвчин тархах эрсдэл бий болгож байв.