ШӨХТГ-т ирж буй өргөдөл, гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны талбайн хэмжээ дутсан, СӨХ-ны үйл ажиллагаа, үүрэн телефоны оператор компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой санал байдаг. Харин үлдсэнийг нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн гомдол эзэлдэг аж. Иймд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “Хэрэглэгч тантай хамт” өдөрлөгийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэд “Халаалт муу, СӨХ ажлаа хийхгүй байна” зэрэг нийтлэг гомдол хэлж байсан юм. Мөн хуучин тоолуураа яаж солихоо асууж байв. Зарим иргэн орон нутгаас зорин ирж, цахилгааны тоолуурыг хэлэхгүйгээр таамгаар бичдэг байдлыг арилгаж өгөхийг хүслээ. Энэ үеэр Шадар сайд Э.Хүрэлсүх ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцаж “Шударга өрсөлдөөнийг бий болгосон газар тогтвортой хөгжиж, эдийн засгаа тогтмол тэлж байдаг жамтай. Харин шударга өрсөлдөөн байхгүй бол зах зээл нь тэлдэггүй, монополь байдал бий болж, аж ахуйн нэгж, байгууллагууд чөлөөтэй өрсөлдөж чаддаггүй” гэж хэллээ.