Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа. Ойг холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотноо айлчилж, “Улаанбаатарын өдөр”-ийг энэ сарын 1-3-нд зохион байгууллаа. Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олгон, тэд дөрвөн чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Тогтвортой хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чиглэлээр бид Сөүл хотоос суралцах зүйл их байна. Энэ дашрамд, Сөүлийн соёлын төв байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг дуулгая. Ухаалаг нийтийн тээвэр, хотын захиргааны шинэ байр гээд манай хотын хөгжлийг БНСУ-ын хөрөнгө оруулагчид дэмждэгт бид талархдаг” гэв.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн урилгаар Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлд ажлын айлчлал хийхээр боллоо.