Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” төв, “Нээлттэй нийгэм форум” хамтран дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийв. Энэ үеэр “Глоб интернэшнл” төвийнхөн хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналыг “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт гардууллаа. Тэрбээр 2012 оны арваннэгдүгээр сард албан тушаалтнууд азын дугаарыг эрх мэдлээ ашиглан, их хэмжээний мөнгөөр зардаг тухай нийтлэл бичсэнийхээ төлөө хоёр жил гаруй шүүхээр явжээ. Гэсэн хэдий ч нийтлэлийнхээ үнэн мөнийг нотолж, шүүхэд ялалт байгуулсан байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй давхцан манайд хоёр чухал үйл явдал болж байна. Тодруулбал, өнөөдөр, маргааш Улаанбаатар хотноо “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хурал, мөн маргааш Женев хотод НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.