Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх арга хэмжээний хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Жилээс жилд цар хүрээ нь тэлэн өргөжиж тус баярын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр БСШУЯ-аас "Үндэсний бичиг үсэг түгээн дэлгэрүүлэгч" тэмдгээр таван иргэнийг шагнаж урамшуулсан юм. "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг угтаж "Хүүхдийн ордон"-оос "Үндэсний бичиг соёл" улсын уралдааныг зарлаж, хот хөдөөгөөс шалгарсан 300 гаруй багш, сурагчид оролцсон байна. Мөн МУИС, МУБИС "Б.Ринченгийн нэрэмжит" монгол бичгийн улсын уралдааныг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, дүгнэлээ. Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангууд уламжлалт олон ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, монгол бичиг, хэл соёлоо эрхэмлэн дээдлэх зорилгоор "Би Монгол бичигтэн" нэгдсэн уриалга гаргаж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажил хийлээ.
Түүнчлэн Монгол бичгийн улсын олимпиад насанд хүрэгчдийн дунд гурван ангилалаар зохион байгуулж, бичгийн тэргүүний уншигч шалгаруулна.