Монголын залуучуудын холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүрийг баян болгох зорилт дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож байгаа. Тэгвэл тавдугаар сарыг “Ногоон” сар болгон зарлалаа. Ийн “Ногоон ирээдүй”, “Ногоон гэрэл асаая” уриа дэвшүүлэн ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Багануур дүүрэгт мод тарих өдөрлөг, эко аялал, “Экологи-2015” улсын олимпиад зохион байгуулж, оролцогчид нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих аж. Мөн Азийн Залуучуудын зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий ассемблейд оролцох зочдод мазаалай баавгайн мэдээллийг хүргэж, олон улсад уг амьтныг сурталчилж, хамгаалахыг уриалахаар болжээ. Түүнчлэн энэ сарын хүрээнд залуучуудын “Ногоон” санаачилга төсөл хөтөлбөрүүдийг ногоон гэрлээр дэмжинэ гэдгээ ч Монголын залуучуудын холбоо мэдэгдээд байна.