Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг салбарын яамнаас нь боловсруулж, УИХ-д өргөн бариад буй. Уг баримт бичгийн хамт аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн зураглалыг гаргаж байгаа бөгөөд эхний төлөвлөж буй нь газрын тос боловсруулах үйлдвэр юм байна.
Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай 113 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолыг баталсан нь газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлж буй аж. Үйлдвэрийг зүүн болон говийн бүсэд барихаар төлөвлөсөн нь түүхий эдийн ордын байршил, дэд бүтэц, зах зээлийн хүчин зүйлүүдийг тооцсонтой холбоотой гэнэ.
ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол хэрэгжүүлэх хүрээнд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар говийн бүсэд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж буй юм байна. Тус Ажлын хэсэг хуралдан урьдчилсан ТЭЗҮ, дээрх үнэлгээг боловсруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг нээлттэй сонгон шалгаруулахаар зарлажээ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий тосоо эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсын эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх, инфляц, гадаад валютын ханшийн хэлбэлзлийн асуудлыг шийдвэрлэх, түлш, шатахууны хараат байдлаас гарах стратегийн ач холбогдолтой аж.
Ц.Болор