Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий ассамблейг энэ сарын 18-21-нд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон. Чуулганд Азийн 23 улс орны нийт 600 орчим зочид төлөөлөгч оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэх аж. Мөн энэ хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум”, “Зүүн хойд Азийн залуучуудын симпиозиум” зохион байгуулагдана. Монгол Улсад анх удаа болж буй энэхүү үйл ажиллагааны бэлтгэл ажлууд хийгдэж байна. Түүний нэг бол нийслэл хотоо гадны төлөөлөгчид ирэхэд цэвэр цэмцгэр байлгах явдал. Иймд Монголын залуучуудын холбоо, нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст хүсэлт тавьж, энэ хүрээнд тодорхой ажлууд хийгээд эхэлжээ. Өнгөрсөн сарын 14-нд бүх нийтийн цэвэрлэгээг зарлаж, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцсон бол ирэх 20-нд дахин их цэвэрлэгээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос хотын угаалга хийгээд эхэлжээ. Өглөөний 06.00-23.00 цаг хүртэл бороожуулагч машин хотын гол зам болох 72 гудамжийг угааж байгаа гэнэ. Мөн Чингисийн талбайг даваа, пүрэв гарагт өглөө 08.00 цагаас угаадаг болжээ.