Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг, Баруун Баян-Уулын гудамжны 18-06 тоотод оршин суух Д.Энхтөр нэгэн ламын занданшуулсан шарилыг бусдад худалдахаар хадгалж байсныг энэ оны нэгдүгээр сарын 27-нд цагдаагийнхан илрүүлж, тухайн үедээ дуулиан тарьж байсан. Д.Энхтөр уг шарилыг 300 сая төгрөгөөр худалдах гэж байсан гэх албан бус мэдээлэл байдаг. ШУА, цагдаагийн байгууллага хамтран уг занданшуулсан шарил хэнийх болохыг тогтоохоор ажилласны дүнд Цорж лам Санжжавынх гэдгийг батлаад зогсохгүй Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаас авчирсныг ч илрүүлсэн. Тэнд хоёр ийм шарил байсны нэгийг ийнхүү тоносон болох нь шалгалтын явцад тогтоогдсон юм. Уг занданшуулсан шарилыг зарахаар авчирсан Д.Энхтөрийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж, Дүүргийн II прокурорын газраас Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлд заасан “Булш сүйтгэсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн лхагва гаригт шүүхэд шилжүүлжээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Д.Энхтөрд холбогдох хэрэгтэй танилцаад бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сар гэхэд хурлыг товлох бололтой. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-6 сар хүртэл баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлэх заалттай юм.